Владислав Сурков
"Лекц" гэсэн үг, бас бидний шинжлэх ухааны академид хуран цугласан байдлаас болоод та бүхэн төөрөгдлийн мананд умбах вий хэмээн эртхэн анхааруулъя. Шинжлэх ухаан бол миний шүтээн. Энэ бол Орос орны цаашдын хөгжлийн түшиг тулгуур мөн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Харин миний яриа шинжлэх ухаан гэхээсээ уянгын халил давамгайлсан уран сэтгэмжийн гүйлгээ ухаан маягтай болж мэднэ. Над шиг төрийн түшээ хүний амнаас тэр бүр гараад байдаггүй "холизм", "архетип" мэтийн хөөрүү барьцгүй үг хэрэглэх болсондоо хүлцэл өчье. Гэхдээ, соёлын тухай яриаг хайрцаглаж ярихад хэцүү гэдгийг та нар өөрсдөө ч мэдэж байгаа. Ингээд яриа хөөрөөндөө умбая.
Хэрэгт дурлагсад үнэхээр азтай. Асар том өөрчлөлтийн давалгаа цалгилсан ороо бусгаа цаг үед бид бүхэн амьдарч байна. Оросын нийгмийг өөрчилсөн түгшүүртэй хэрнээ сэтгэл догдлуулсан их хувьсал өөрчлөлтийн амьд гэрч, оролцогч нь болсоор бид хорин жилийг ардаа үдлээ. Байсан, байгаа, бас бий болох зүйлийн ялгаа үнэхээр биширмээр тул заримдаа бид эх орноо шинэ Орос гэж нэрлэдэг. Яг л Үүрийн Цолмон туяарах мэт. Эсвэл алтан орд сүндэрлэв үү гэлтэй.
Тэгэхдээ бид тэнгис, далай гатлан бууриа орхин нүүсэнгүй. Харин оросын ардчилалын шинэ орд сүндэрлэхдээ үндэснийхээ төрт ёсны түүхэн хөрсөн дээр амилан өндийсөн юм. Ур хийц, төлөвлөлтийнх нь онцлогийн талаар маргаж болох л юм. Хэн нэгэнд нь их гүрний хэв маягтай мэт, ирээдүйг тандагч өөр нэгэнд нь зөн билгийн увьдастай мэт. Гэхдээ манай ордын зохиомж яаж өөрчлөгдлөө ч түүний гол харьцаа, ялгарах шинж нь манай түүх, үндэсний ухаарал, соёлын торлог хээ болон тулгуур ойлголтуудаар баттай дархлагдсан байдаг юм шиг надад санагддаг.
Ардчилсан шинэ дэг ёс нь европын соёл иргэншлээс үүдэлтэй. Ингэхдээ түүний туйлын өвөрмөц оросын салаа мөчрөөс. Энэ нь хэр зэрэг жам ёсны, өөрөөр хэлбэл өөриймшсөн байна гэдгээрээ амьдрах чадвар нь тодорхойлогдоно. Хэрвээ оросын улс төрийн соёлыг үгүйсгэн хөндөлсөх биш, харин түүнд уусан нэгдэж тэтгэх аваас.
Манай орны ардчилал нь зарим талаараа "нийтлэг", харин зарим талаараа давтагдашгүй. Яах аргагүй түгээмэл, адилхан мөртлөө содон, Америк, Европ, Азийн хамгийн шилдэг ардчлалын өвөрмөц загвар.
Орос оронд ардчилал хэрхэн хөгжих хийгээд түүний ямар засал нь амьдрах чадвартай болохыг ойлгохын тулд оросын улс төрийн соёлын салшгүй дархлагдсан шинжийг тодорхойлох хэрэгтэй. Улс төрийн соёл гэдэг нь гүнзгий, өргөн утгаараа соёлын илрэлийн нэг тусгал байдаг. Орчин үеийн улс төрийн царцанги үзлүүд нь үндэснийхээ амьдрал, зан чанар, ертөнцийг үзэх үзлийн талаархи төсөөллийн өвөрмөц торлогоор нөхцөлдөж байдаг.
Энэ нь ямархуу торлог болохыг төсөөлөхөөр оролдъё. Ухамсрын ямар хэлбэрт хамаарах вэ? Ертөнцийг танин мэдэж хувиргах ямар арга замыг бүрдүүлж өгч байна? Товчхондоо, орос соёл гэж юу вэ?
Хариулт нь олон байж болно, гэхдээ би өөрөө үүнд хариулахгүй байхаар шийдлээ. "Орос соёл нь бүхэллэг шинжтэй" гэсэн Иван Ильиний гайхалтай товчхон хэрнээ гүн гүнзгий тодорхойлолт бий. Үүнтэй нэлээд төстэйгээр Бердяев хэлэхдээ: "Амин сүнс нь нэгдмэл байх гүн ухааныг... Оросууд эрхэмлэнэ... Хэрвээ Орос орон өөрийн гэсэн агуу соёлтой байх ёстой юм бол тэр нь ялгаварлан задлах биш, гагцхүү эвлүүлэн шүтэх соёл байх учиртай. Трубецкийн санаа ч бас адил: "Өрнөдийн гүн ухаантнууд хорвоогийн нууц руу нэвтрэхдээ мөчлөн задалж шинждэг байхад Оросууд ертөнцийг зөн билгээрээ толидон амьд цул мэтээр шинждэгээрээ ялгаатай..." "Даян дэлхийг өөрчлөх санаа" агуулсан "оросын байлдан дагууллын" тухай, тэр ч бүү хэл "орос хэлний эвлүүлэн нэгтгэх (тодруулбал, задлан шинжлэх бус) мөн чанарын" талаар Иосиф Бродский бичиж байлаа.
Өөрөөр хэлбэл, мөчлөн, жижиглэхийг сөргүүлэн зориудаар илт бүхэллэг, зөн билгийн шинжтэйгээр оросын соёлыг зурагласан байгааг бид харж байна. Хэдийгээр маргаантай ч, орос маягийн сэтгэлгээг сөргүүлэхдээ зүгээр нэг жижиглэх үзэл гэхээсээ бүр европын жижиглэх үзэл хэмээн тодотгон жиших хандлага илэрч байна.
Энэ хувилбар ёсоор бидний сэтгэлгээний болон соёлын амьдралд эвлүүлэг нь задаргаагаа, үзэл санаа нь үйл хэргээ, төсөөлөл нь зүй тогтлоо, зөн билиг нь ухаан бодлоо, бүхэл нь бутархайгаа давамгайлах ажээ. Тэгэхдээ оросууд шинжлэх чадваргүй, харин өрнөд Европын ард түмэн зөн билиггүй гэж зүтгээгүй нь ойлгомжтой. Мэдээжийн хэрэг. Энэ бол харьцааны асуудал. Нэг ёсондоо, Оросуудад цагийн бүдүүвч зураглал нь биш, харин цаг хугацаа нь илүү чухал гэхүү дээ. Тэгэхлээр, манай соёлын уг үндэс нь бүхлийг толидох болохоос бус хэсэгчлэн найруулах явдал биш; задаргаа бус, эвлүүлэг. Бодит улс төрийн хэмжигдэхүүнүүдээ тодорхойлоход энэ санаагаа аксиом болгон хэрэглэцгээе.
Дурдсан тулгуур өгөгдөхүүн нь оросын улс төрийн амьдралыг дор хаяж гурван хурц тод онцлогтой болгон өгч байна.
Нэгдүгээрт, энэ бол засаглалын үйл ажиллагааны төвлөрлөөр дамжуулан улс төрийн нэгдмэл байдалд хүрэх гэсэн чин эрмэлзлэл. Хоёрдугаарт, улс төрийн тэмцлийн зорилгоо толидох тэнгэрлэг үзэл. Гуравдугаарт, улс төрийн байгууламжаа хөглөх өөриймсөл. Улс төрийн бусад соёлуудад энэ бүхэн бас л бий, гэхдээ манайд илүү тод илэрдэг.
Олон зууны туршид хүчтэй төвлөрсөн засаглал нь орон, цагийг эзэлсэн агуу том орныг хураан тохинуулан хөгжүүлж иржээ. Бүхий л чухал шинэчлэлүүдийг явуулав.
Тэгэхдээ ертөнцийг үзэх холист /бүхэл/ үзэл нь оросын бусад ард түмний соёлтой уян хатан харилцан үйлчлэх боломжийг орос соёлд бүрдүүлэн өгчээ. Тэдний зан заншлын бүхий л баялаг хэлбэрүүдийг эвдэхгүйгээр нэгтгэн нэгэн тугийн доор зангидан хураав.
Өнөө үед төрөө тойрон нягтарснаар нийгэм маань тогтворжин, эдийн засаг нь өсөж дэвжин, улмаар терроризмтой хийх тэмцэлд ялалт байгуулах нөхцөл бүрдлээ.
Оросын төвлөрсөн засаглалын загвар нь үндэсний "нэг төвт" сохор архетипийн үр дагавар мөн үү гэдэг нь онц чухал биш. Магадгүй энэ архетип өөрөө түүхэн нөхцөл байдлын дардас байж ч болно. Аль ч тохиолдолд төрийн хүчирхэг төвтэй байх нь Оросын газар нутгийн ч , оюун санааны ч бүрэн бүтэн байдлыг хадгалах гол баталгаа хэмээн олонхи хүмүүст ойлгогддог.
Амьдрал дээр: нэгдсэн төв засаглалдаа тэмүүлэх оросын хязгаар нутгуудын чин эрмэлзлэлийн илрэл нь губернаторуудын бүрэн эрхийг ерөнхийлөгчийн шийдвэрээр батламжлах ажилбар бөлгөө. Мөн түүнчлэн холбооны тойргуудын захиргааны аппарат. Бас төсөв хоорондын харилцааны төвлөрсөн чиг хандлага. Элдэв улс төрийн идэвхитэй бүлэглэлүүд үндэсний хэмжээний томоохон нам болон нэгдэхийг парламентийн сонгуулийн хувь тэнцүүлсэн загвараар дэмждэг. Газар нутаг, шашин шүтлэг, эсвэл ажил мэргэжлийн явцуу хүрээгээр улс төрийн нам байгуулахыг хориглож байгаа нь нам бол сонгогчдыг үзэл бодол, итгэл үнэмшлээр нь хуваахаасаа илүү нийтлэг үнэт зүйлсээр нь нэгтгэх ёстойг онцолсон хэрэг. Сонгогчдоо - хуваах, ард түмнээ - нэгтгэх. Оросын олон намын тогтолцооны зарчим ийм ч байж болно.
Ерөнхийлөгч нь ардчилсан тогтолцооны төв болсноор ардчилсан үндсэн хууль болон гүйцэтгэх, төлөөлөх, шүүх засаглалын хоорондох тэнцвэрийг хадгалах баталгаа болно. Энэ тэнцвэрийг алдагдуулах, болгоомжгүй бөгөөд цагаа олоогүй хийсэн төвлөрлийн задаргаа нь оросын ардчиллыг ямагт сулруулна. Эмх замбараагүй байдал үүсгэх, нийгмийн байгууламж, ардчилсан засаглалын бүтцийг эвдэх гэх мэт. Ийм нөхцөлд олигархиудыг дарсан шиг тэднийг халах хэрэгтэй.
Амьдрал дээр: засаглалын төв, төвлөрүүлэх арга болон бүрэн бүтэн байдлаа хадгалах арга зам зэрэг ойлголтууд нь цагийн аясаар өөрчлөгддөг. Нэг зөөлрөөд, нэг чангараад энхэл донхолтой. Гэхдээ улс төрийн зарим соёлуудад төв засаглалын үүрэг роль хэмжээлшгүй их байдаг. Жишээ нь Францад. Харин Америкт тэр чигээрээ ерөнхийлөгчийн засаглал ноёрхдог. Тэнд төрийн тэргүүнээ дэлхийн хамгийн хүчирхэг хүн гэх нь элбэг. Холбооны төвийн улс төрийн нугаршгүй хоёр баганыг бүрдүүлэгч, засгийн эрхээ өнө удаан ээлжлэн барьдаг эрх баригч хоёр намын аль нэгээр дамжихгүйгээр төрийн өндөр албан тушаалд хүрнэ гэж саналтгүй. Тогтвортой, хүчирхэг засаглалд чөлөөт нийгэм ч мөн талтай ханддаг ажээ.
Улс төрийн байгууламжаа хөглөх өөриймслийн тухайд. Харваас илт. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг. Миний бодлоор, манай улс төрийн соёлд хувь хүн бол байгууллага. Нэгэн түрлэг дор. Холист үзэл нь сэтгэлийн гал бадраана. Энэ нь шууд л дүр амилуулахыг шаардана. Номлол, хөтөлбөр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цогтой баатрынхаа дүрийг тодруулна. Харин дараа нь үг, үсгээр буулгана.
Амьдрал дээр: улс төрийн хамгийн том намууд удирдагчдынхаа зан авираар л ялгаатай. Бид нам гэж ярихдаа хэн нэгэн хүнтэй холбоно. Улс орны хамгийн хүчирхэг олон нийтийн байгууллага болох "Нэгдмэл Орос" нь өөрийн удирдагчаа Ерөнхийлөгч, харин хөтөлбөрөө "Путины төлөвлөгөө" гэж үздэг. Зарим намыг удирдагчгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Магадгүй, чухам тийм болохоор л удирдагчид нь бараг солигддоггүй. Зюганов, Явлинский хоёр гэхэд л КПРФ, Яблоко намыг 14 жил, Жириновский ЛДПР намыг бараг 17 жил удирдаж байна.
Оросын тэнгэрлэг үзлийн тухай хэлэх цөөн үг. Хамгийн гол нь тэнгэрлэг үзэл оросын ертөнцийг хөгжлийн шинэ тойрог замд татан оруулсаар ирсэн, цаашдаа ч өөд татах бизээ. Хэрвээ тэнгэрлэг үзлээ гээх аваас нийгмийн үйл хэрэг удаашран, сулбайна.
Орос үзэл нь холын бараа харсан гэмээр нэг тийм үлгэрийн, гэнэн мөрөөдөмтгий өнгө аястай. Дэргэд нь байгаа сарампай хашаа, эвдэрхий зам, тулга тойрсон хэрүүл - нэг л тээртэй. Гэхдээ айсуй гэрэлт ирээдүй алган дээр зурсан толь мэт тов тодорхой. Байгаадаа гутрах бус харин хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэнэ, юмыг ингэж үзэх нь цорын ганц үнэн, шудрага ёсны ноён оргилд хүрэх замыг эрж хайх их эрч хүчийг өгнө. Хорвоод хосгүй биш юмаа гэхэд хөршүүдээсээ ялгарах гол онцлог бол энэ гэлтэй. Чухам энэ ялгаа маань л бидний хийморийг бадраан амьдруулж байдаг. Энэхүү өөрийн гэсэн өвөрмөц үнэний эрэл, өөрийн толгойгоор амьдрах эрэлт хэрэгцээ нь ганцаар бие даан ажиллахыг тулган шаардана. Гуравдугаар Иванаас эхлэн Оросын бүхий л түүх бол оюуны тусгаар тогтнол хийгээд төрөө дээдлэх ёсны дуулал билээ.
Тэнгэрлэг үзэл нь итгэл үнэмшил болсон тэнгэрийн дуудлагад хандах чин эрмэлзлэлтэй байдаг. Гуравдугаар Ром болон Гуравдугаар интернационал гэдэг нь тэнгэрийн дуудлагын тухай ойлголт байлаа. Өнөөдөр тэнгэрийн дуудлага гэж яриад нэмэргүй, гэсэн ч орос үндэстний түүхэн зорилгыг тодруулах шаардлагатай. Бусад улс орнууд доторхи Оросын үүрэг, ролийг тодруулан, бид хэн болох, бид яагаад энд байна гэдгээ ойлгохгүйгээр, үндэсний амьдрал маань учир дутагдалтай болно.
Амьдрал дээр: энэ оны таван сард ФОМ-ын явуулсан социологийн судалгаанаас дүгнэхэд улс төрийн байгууллагад итгэх олон түмний итгэл нь тухайн байгууллага хэр зэрэг нэг хүн шиг байна, төв засаглалд хэр ойр байна гэдгээс шууд хамаардаг болох нь харагдсан юм.
Тэгэхлээр, шууд төв болох Ерөнхийлөгчид, санал асуулгад оролцогсдын 55 хувь итгэдэг гэсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Бүс, хязгаар, бүгд найрамдах улсын удирдагчдад найдаж болно гэж 20%. Харин өөрийн хот, тосгоны удирдагчдад итгэж болно гэж ердөө 8 хувь нь хариулжээ.
Бүх шатны шүүхэд итгэх итгэл сул байна. Дээд Шүүх болон Цэцэд итгэх итгэл 10 - 11 хувь байгаа нь дүүрэг, мужийн шүүгчийн 2 хувиас тав дахин өндөр байна. Төлөөлөх засаглалд итгэх итгэл хамгийн бага байна. Гэхдээ Холбооны хурал (4%) нь орон нутгийн парламентаас (2%) хавьгүй дээр гарчээ.
Засаглал хэдий хол, дээр байна, төдийчинээ итгэл хүлээх бололтой. Ойрхон, хажуу, хаяандаа байгаа засаглалд хүмүүс төдийлэн итгэхгүй байна. Сайн мэддэг болохоороо ч тийм байж мэднэ. Харин хол, дээр байгаа засаглал нь хялбархан домогждог, тэнгэрждэг, баатарждаг бөгөөд улс төрийн огторгуй дахь наран зул болдог.
Хэрвээ төвлөрөл, тэнгэрлэг үзэл болон өөриймсөл нь улс төрийн соёлын гурван тулгуур мөн юм бол энэхүү тулга дотор гал голомтоо хэрхэн бадраах талаар авч үзье.
Ердийн ухамсрын хүрээнд "соёл" хэмээх үг нь уужим, ухаалаг гэсэн утгатай дүйцдэг. Рахманиновын тухай ярилцлага - энэ бол соёлтой. Орчин үеийн амралт, сувилгааны үйлчилгээ - тун соёлтой. Дуурийн театрт үдшийг өнгөрүүлэх - бүр ч их. Гэхдээ соёл болон соёл иргэншил гэдэг нь музейн танхим, театрын буфетээс хавьгүй өргөн ойлголт. Албадлагын тогтолцоо, мунхруулгын дөнгө, дайн, мулгуу онол, тавьтаргүй хийрхэл - энэ бүхэн бас энд багтах ажээ.
Хүмүүс болон хүний нийгэм дэхь соёл - энэ бол хувь тавилан. Харин хувь тавилан өөр, өөрөөр бүрэлдэж болно. Үүнээс зайлах аргагүй. Түүний өгч буй боломж, давуу талыг нь ашиглах хэрэгтэй. Хувь тавилантайгаа маргаж, нөлөөлж, бас өөрчилж болно. Гэхдээ түүнд тавигдах хориг, хязгаарлалтуудыг нь үл тоомсорлож болохгүй. Юу ярих, юу ярихгүй вэ гэдгээр соёл илэрдэг. Түүхийн нугачаа бүр дээр тэр нь үйл хөдлөлийн нэг гаж төрхийг үүсгэн баяжуулж, нөгөөг нь эвдэн бусниулдаг. Бидний ямар нэгэн эрмэлзлэлийг тэтгэн нөгөөд нь саад болно. Соёлыг тоглоомын салбарт хамаатуулан ойлгодог хүмүүс аливаа тоглоомын утга учир нь зөвхөн зугаацал, сургалт төдийгүй бас сорилт байдаг болохыг мэднэ.
Тэгэхлээр манай улс төрийн соёл маань асуудал шийдвэрлэх болон бухимдлаас ангижрах арга хэрэгслэлийг нийгэмд өгөх төдийгүй нийгэмд бухимдал, асуудал үүсгэж бас болно. Түүний онцлог нь, үүний дотор дээр дурдсан шинжүүд нь сайн ч биш, муу ч биш. Байгаа байдал нь л тэр. Ашигтай юу, хортой юу гэдэг нь биднээс өөрсдөөс маань хамаарна. Бүгд - хор, бас бүгд - эм. Хэрэглэх тун, ур чадварт асуудал оршино.
Жишээлбэл, төвлөрөл нь өмнө хэлсэнчлэн асар их өгөөжтэй байж болно. Харин цагаа олоогүй, онцын шаардлагагүй, хэт төвлөрөл нь засаглалын тогтолцоог гажуудуулан, хувийн санаачлагыг боомилсноор парламентаризм болон өөрөө удирдах ёсны үндсийг баллаж мэдэх юм.
Төлөөллийн засаглалд итгэх итгэл 2-4 хувь болтлоо шалдаа бууна гэдгийг зуун тавиад жилийн тэртээ Гоголь зөгнөн харжээ: "Ерөөс биднийг төлөөллийн засаглалд зориулан бүтээгээгүй гэмээр... Манай бүх хуралд... хэрвээ бүгдийг удирдах нэг тэргүүн байхгүй бол будилаан, самуун заавал гарна. Яагаад гэдгийг нь хэлж чадахгүй; тийм л ард түмэн бололтой, зөвхөн найрлаж, цэнгэхээр цугласан цуглаан л бүтэмжтэй өндөрлөнө..."
Эндээс хамтач бүтцийн хэт өөриймсөл гарна. Ихэвчлэн хувь хүний хүчтэй чанар нь хамт олны сулхан үр ашиг болон харилцан итгэлцэж аяндаа цэгцрэхэд учрах хомсдлыг даван туулахад туслана. Оросын хэт хамтач үзэл нь миний бодлоор, цэвэр зохиомол санаа.
Амьдрал дээр: хэрвээ та нарын хэн нэгэн хамтын хүчээр орцондоо домофон систем тавихаар хөршөө ядаж нэг удаа ятгаж үзсэн бол хамтач үзэл хичнээн явуургүй болохыг мэдэж байгаа. Манайхан жолоо хэрхэн барьж байна? Зам хөндлөн, урсгал сөрөн, согтуу, утга учиргүй, ямар ч энэрэлгүй. Хамтач хүн ийм байдаггүй. Хамтач хүн хамт олныхоо бусад гишүүдийг хүндэтгэдэг.
Манай нийгэмд хувиа бодогчид давамгайлдаг мэт санагддаг. Хэрэгцээтэй үедээ төрөөс, хариуцлагаас, албадан хөдөлмөрөөс зугтахын тулд хамт олны араар хүмүүс нуугддаг.
Манай тэнгэрлэг үзэл юунд хүргэх вэ гэвэл амьдралын хөрсөн дээр буухаасаа өмнө, царцанги бус хэлбэрт байхдаа энэ нь өдөр тутмын амьдралд хэрэглэхэд найдваргүй, заримдаа бүр аюултай.
Хэрвээ та бүтээлчээр сэтгэвэл ертөнцийг задалж үзнэ. Дараа нь задалсан хэсгүүдээ нэгтгэн явцын дунд дутууг нь гүйцээх замаар ямар нэгэн хэрэгтэй зүйл босгоно. Бүтээлч хандлага ингэж ажиллана. Тэнгэрлэг үзэл огт өөр. Ертөнцийн дүр зураг нэгдмэл, бүхэл байх үед итгэл, сэтгэл, зөн билиг шаардагдана. Тэрбээр тэр даруй энэхүү бүхэл ертөнцөө үгүйсгэн дахиад л нэг бүхэл, гайхалтай, царцанги, хөшүүн ертөнцийг өөртөө бодож олно. Ингээд дараагийн итгэл, шинэ тэмүүлэл үүснэ.
Хэзээ нэгэн цагт бид коммунизм байгуулах ёстой байлаа. Одоо байгуулчихна, дараа нь юу ч хийхгүй гэж бодож байлаа. Гэхдээ бушуухан юу ч хийхгүй байхын тулд коммунизмаа хурдан байгуулах хэрэгтэй. Ард түмний дундаж түвшинд коммунизм ингэж төсөөлөгдөж байлаа шүү дээ: бүх юм нь бэлэн юу ч хийх хэрэггүй газар. Энд ямар нэгэн эцэс төгсгөл бий гэсэн ойлголттой: одоо ардчилал ялчихлаа, бид байгуулчихсан, тэгэхлээр бүгд амраад таашаал эдэлж болно. Энэ нь одоо бид хүн бүтээх хэрэгтэй гэж хэлснээс өөрцгүй. Хүн цаг ямагт боловсорч байдаг, сайн тал руугаа юу, муу тал руугаа юу гэдэг нь өөр асуудал. Тэр хөдөлшгүй биш, ерөөс хувиршгүй зүйл ч гэж байхгүй. Гэхдээ амьдралд хандах тэнгэрлэг үзлийн хандлага ийм онцлогтой ажгуу - ямар нэгэн ертөнц бодож олоод түүнийгээ амьдрал дээр тогтоох гэж зүтгэнэ.
Залхуурал ч гэж болох бидний назгайрал нь хэрэгжүүлэх механизм, нарийн тооцоо, элдэв нюанс зэргээр нарийвчилсан дэлгэрэнгүй тооцоо, шинжилгээ хийхгүй байхад хүргэнэ. Ирээдүй нэг далайлтаар, бүрэн гүйцэд ирэх ёстой, харин яаж хүрэх нарийвчилсан деталь дээр толгойгоо гашилгах хэрэггүй, дэлхийн хувьсгалтай харьцуулахад энэ бүхэн юу ч биш хэмээн тэнгэрлэг үзэлтнүүд үзнэ.
Миний нэгэн танил хэлэхдээ: "хоёр долоо хоногийн дотор хийж болохгүй юмыг хэзээ ч хийж болохгүй" гэсэн юм. Бидний бодол мөн дөө. Яг одоо, энд, бүгдийг гялс. Хоёр долоо хоног, таван зуун өдөр, 80 онд коммунизм. Хэрвээ бүтэлгүйтвэл тэнгэрлэг үзэлтэн уурлан бухимдаж цөхөрнө. Петрын шинэчлэл, хоёрдугаар сарын явдал, большевик агуу төсөл, өөрчлөн байгуулалт. Харин дараа нь либерал шинэчлэл, оросын капитализмын үзэсгэлэнт Китеж-сити-ийн тухай мөрөөдөл. Үзэл санаагаар дөрлүүлэн ямагт яарна. Бодит амьдрал хичнээн ээдрээтэй болох талаар сонсохыг ч хүсэхгүй. Хүчирхийлэл, ядуурал, шудрага бус байдал ноёрхсон түнэр харанхуй ертөнц (хаант засаг, хөрөнгөтний хувьсгал, зөвлөлт засаг) тун удахгүй мөхнө гэдэгт туйлаас итгэлтэй. Зовсны эцэст жаргах сайн цаг ирнэ хэмээн гэнэхнээр итгэнэ. Хөдөлмөр, зүтгэлээ хойш тавин дэлхийн хувьсгал, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, зах зээлийн үл үзэгдэгч гар, олон ургальч үзэл гээд бүхнээс хүчтэй сургааль, номлолд хамаг бүхнээ даатгана. Бат үүл тэнгэрт ингэж л хөвөж явдаг.
Тиймдээ ч салхи хаашаа, хамхуул тийшээ маягаар огцом, огцом шидэгдэн савалж явдаг. Гэхдээ өнөөдөр ч гэсэн тэтгэврийг шууд дөрөв дахин нэмэхээр хэн нэгэн амалж байна. Нөгөөх нь цалинг тав дахин. Юуг нь ойлгоогүй хэрнээ илүү их ардчилал хэрэгтэй хэмээн гуравдахь нь шаардана. Хялбархан амьдрал төсөөлөөд түүнийгээ нэхнэ. Гялс манс. Ингээд зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдгээр бушуухан амжуулах гэж зүтгэнэ.
Ерөөс, манай улс төрийн соёлд нэвчсэн нарийвчлахын оронд бүдүүн багцаалсан, няхуур, ажилсаг байхын оронд бэлэнчилсэн сэтгэлгээ нь хүний амьдрал, түүний эрх, эрх чөлөө, бахархал зэрэг "жижиг сажиг", "гүнзгийрсэн" ойлголтуудыг орхигдуулахад хүргэсэн гашуун түүх нэг бус удаа тохиолдсон билээ. Өөрийгөө дөвийлгөн биеэ оторлосон хэт их хэнээрхэл нь нийгмийн идэвхитэй амьдралыг хумин боогдуулснаар хөгжлийн оньсыг гацаахад хүргэжээ.
Магадгүй, чухам тиймээс өнөөгийн олон шургуу либеральчууд оросын улс төрийн соёлыг хоцрогдол, хэнэггүйдлийн болхи бүтээгдэхүүн мэтээр төсөөлөх болсон. Манай улс төрийн бүхий л дадал, заншил нь амьдралын хэв маяг болтлоо батжин хөгжил дэвшлийг чөдөрлөсөн гэнэ.
Энэ хүртэл яваад үүнийг ойлгосон байлаа ч цааш нь үргэлжлүүлээд ярих юм бий. Хэрвээ тийм юм бол оросын соёлыг даруй таягдан хаяад мартах ёстой юу? гэдэг асуултанд хариулах хэрэгтэй.
Орос оросоороо үлдэж, оросоороо хөгжихийн оронд оросыг голланд юмуу немц болгох гэвэл буруу хэмээн Агуу Петрийг Руссо шүүмжилж байсан бололтой. Нэгдүгээр Павел орос цэргийг прусс болгон хувиргах хүсэлтэй байсан нь тодорхой. Большевикүүд хэдэн зуун үндэстнийг нэгтгэн нийтлэг зөвлөлт болгохоор ажилласан. Өөрчлөн байгуулагчид ч нийтлэг нэг үндэстэн бий болгохоор зүтгэсэн. Ерээд оны шинэчлэгчид "оросын" болон "үндэсний" гэх тодотголд тун болгоомжтой хандаж байлаа.
Шальтай, шальгүй энэ бүх зүтгэлтнүүд яаж ч хичээгээд "үндэсний омогшлоо" дарж чадсангүй. Үгүй дээ л тэд өөрсдөө Оросын мах цусны тасархай байсан учраас. Тэд өөрсдийгөө нээн, идээшиж дассан орос соёлоо хэдийчинээ ухаарахын хэрээр шинэчлэл нь урагшилж байлаа. Манай соёлтой зохицохгүй бүхэн уг үндэс, соёолоосоо хорчийн гундаж байлаа.
Дахиад оролдох хэрэг байна уу? Орос хүн болж төрсөндөө гутран өөрийгөө буудах Достоевскийн зохиолын баатар шиг болох гээд үзэх үү?
Хүн бүхэнд, бас бид бүгдэд - ирээдүйн үй олон хувилбар бий. Гэхдээ салаа, мөчрүүд нь хэмжээ, хязгаартай. Түүнийг торгоон барьж байдаг зүйл бол үндэсний соёлын генетик томъёо болох соёл.
Яриангүй, соёл бол амьд организм, түүний хил хязгаар, түүний дотоод орон зай, үндэс нь хүртэл уян хатан, хөдөлгөөнтэй бөгөөд нэвчимтгий. Гэхдээ түүний зарим хосгүй, цаглашгүй чанарууд нь нийгмийн бүх давхарга, бүх хүрээг хамран нэвчиж цаг үргэлж төлжин соёолж байдаг.
Дахин давтая: соёл бол хувь тавилангийн үр. Бурханы тааллаар, бид орос хүн, ойн ард болж төрсөн. Байсаар ч байгаа, байх ч болно.
Өрсөлдөх чадвартай эдийн засаг, амьдрах чадвартай ардчлалыг цогцлоон байгуулахын тулд үндэснийхээ зан чанар хийгээд улс төрийн соёлынхоо хүндрэлүүдийг тооцон үзэж давуу талуудаа ашиглах болно.
Ургуулан бодох чадвартай, адал явдал хайгч, хөнгөмсөг хүнийг дотроо төсөөлцгөөе. Бид түүний талаар: амьдрал мэдэхгүй, барьцгүй, залхуу хойрго, тогтворгүй хэмээн ярьж болно. Ийм хүнийг нягтлан бодохоор авахгүй. Гэхдээ энэ хүний талаар: уран сэтгэгч, чухал зорилгынхоо төлөө эрс шийдэмгий, хөөрүү, эрч хүчтэй, дайчин хэмээн хэлж бас болно. Төслийн удирдлага, туршилтын үйл ажиллагаа, уран бүтээлийн ажилд тохиромжтой. Ийм хүн муу нягтлан юмуу эсвэл сайн удирдаач байж чадна. Аль ч нөхцөлд тэр өөртэйгөө ажиллан өөрийн сайн чанараа хөгжүүлж, бас баяжуулж, харин зарим сул талаа хазаарлан барих хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрийн би-гээс татгалзана гэсэн үг огт биш, чухамдаа өөртэйгөө ажиллана гэсэн санаа. Хэн байхаа тэр өөрөө л шийдэг. Ингэхдээ ямар ажлын үед аль чанар нь сайн, аль нь сул вэ гэдгээ өөрөө л эргэцүүлэн бодог. Энэ мэтчилэн, ардчилал, эдийн засгийн хөгжлийн замаа сонгохдоо, эдгээр замын хаагуур нь явбал үндэсний онцлог, соёл маань бусдаас товойн гэрэлтэх вэ гэдгийг бид бодох ёстой.
Бид улс төрийн соёлоороо бахархах эрхтэй. Чухам энэ л Орос оронд ардчилал авчрах замыг заасан. Оросын ардчиллын загвар боловсруулахад хүрэлцэхүйц хангалттай нөөц түүнд бий. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд, гэхдээ улс төрийн бусад нэр томъёогоор илэрхийлэхэд ойлгомжтойгоор. Өөрөө өөртөө болон гадаад ертөнцөд өөрийн оршихуй болсон үзэл санаа, дүр зургаа түгээхийн тулд. Ингэснээр ардчиллын түүхэн туршлагаа өөрийн үгээр илэрхийлэх боломжтой болно. Учир нь хэн амаа хамхина, тэр сонсож байдаг. Харин хэн сонсоно, тэр нь зөвшөөрсний тэмдэг байдаг.
Манай дотоод асуудлаар хилийн чанадаас гауглан хашгирч байгааг ойлгож болно: өөрсөд нь амьдрахад таатай тийм ардчиллыг манай оронд байгуулахыг тэдгээр гуаглагчид хүсэж байдаг. Харин бидэнд өөрсдөө амьдрахад таатай байхыг бид бүгд хүснэ. Бүх нийтээрээ. Бусад ард түмэнд ч бас үүнийг хүснэ.
Ерээд онд Өрнөдөд Оросыг ардчилсан хэмээн үзэж байсан талаар зарим хүн ярьдаг. Энд ой ухаанаа алдсан мэт санагдаж байна. Мэдээж, тэр үеийн манай энгэр сул байсныг хөөрөгддөг. Гэхдээ энгэр сул, завхайрлыг ардчилал гэж үздэггүй.
Амьдрал дээр: "Интернэшнл геральд трибьюн", 1984 он - зах зээлийн эдийн засаг болон улс төрийн ардчлалаар жигүүрлэсэн ардчилсан шилжилтийн зүг энэ дэглэм (Орос дахь) тэмүүлсэнгүй. "Вашингтон пост" 98 онд Орос дахь байдлыг "тарж бутарсан барьцгүй дэглэм" хэмээн нэрлэжээ. "Вашингтон инквайр" тэгэхэд - "ардчилсан бус дэглэм". Харин "Форбс" жилийн дараа - "дээрэмчдийн төр" гэсэн.
Хилийн чанадынхан Оросыг мэддэггүй гэх буюу "ямраар харахыг хүснэ түүгээрээ харна гэвэл үнэнд илүү ойртоно" хэмээн Данилевский аль эртнээс бичиж байжээ, - өөрөөр хэлбэл, тэдний нэр төр, бахархал, омогшилд хэр нийцэж байгаагаар, өөрсдийгөө дөвийлгөсөн байрнаас харна.
Манай ардчлалын сул талаас үүдэн Орос орныг дарамтлах болсон тухай яриа бол тэнэг хэрэг. Энэ бүх ярианы цаана манай төрийн байгууллагууд, батлан хамгаалах чадвар болон бие даасан байдлыг сулруулах замаар байгалийн баялаг дээр хяналт тогтоохыг хүссэн өөр учир шалтгаан, өөр зорилго бий гэвэл илүү ухаалаг дүгнэлт болно. Гэхдээ энэ бол дэндүү хялбарчилсан хардлага. Зүйрлэлийн асуудлаар мэргэшсэн орчин үеийн судлаач Эвэр Нойманн бичихдээ: "... тодорхой үе шатуудад нийгмийн ямар нэгэн практик давамгайлдаг (шашны, биеийн, оюуны, нийгмийн, цэргийн, улс төрийн, эдийн засгийн юмуу өөр бусад [үүн дээр ардчилал гэж нэмье]) гэдэг үүднээсээ, Орос бол (Өрнөдийн нүдээр) гаж үзэгдэл". "Нэгэнт гажуудал - энэ бол интеграцийн зайлшгүй бүрэлдэхүүн тул ... европийн би бүрэлдэхэд Оросын гаж төрх тустай гэдгийг онцолж байна" хэмээн нэмэж хэлжээ. Бодит улс төрд харагдаж буй бүхэн, энэ бүх өргөжүүлсэн НАТО, заавал байрлуулах ёстой гэх ПРО хэрэгслэл, энэ бүхэн мэдээж төв болон өрнөд европыг нэгтгэхийн тулд хийгдэж байгаа, гэхдээ төв нь европ лав биш. Харин үүний тулд хаяа хязгаар эмжих найдваргүй этгээдүүд, ази нударгаараа холоос дэлсэх зэрлэгүүдийн тухай домог зохиох шаардлагатай болсон.
Минийхээр, Өрнөдтэй харьцах бидний хүндрэл - энэ бол хөрвүүлгийн хүндрэл, нэг угшилтай хэрнээ гүнзгий ялгаатай европ соёлын харилцан ойлголцлын хүндрэл. Үүний шалтгаан нь ердөө л эдийн засгийн, ердөө л цэргийн, ердөө л хэв маягийн, ердөө л улс төрийн шалтгаанаас илүү түвэгтэй.
Оросын тухай эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээллийг өрнөд Европт илүү хурдан хүлээж авдаг. Хэдэн зуун дамжсан харилцааны үндэс нь үл итгэлцэл байлаа. Энэ бүх үл итгэлцлийн цаана ташаа ойлголт, архетипийн зөрчил хийгээд соёлын түлхэлцэл далдлагдсан байдаг. Өнө эртний хөршлөл болон шашин шүтлэгийн нэг гарвал нь зөрчлийг улам дэвэргэнэ. Ойр дотно хүмүүсийн хоорондын тунирхал нь бие, биенээ бага мэддэг, танил бус хүмүүсийн хоорондох мөчөөрхлөөс ямагт хүчтэй илэрдэг билээ.
Соёлын зөрчлийг даван туулах боломжтой юу? Бүрэн гүйцэд гэдэг нь юу л бол, гэхдээ соёлоо ойртуулах нь боломжтой төдийгүй зайлшгүй. Орос орон ингэж ойртон нөхөрлөхийн төлөө байна, учир нь Өрнөдийн оюуны их өв сангаас хишиг хүртэхгүйгээр инновацийн эдийн засаг байгуулах боломжгүй. Соёлоо ойртуулна гэдэг нь нэг хэвэнд орох ёстой, ялгарлаас татгалзах ёстой гэсэн үг хараахан биш. Бүх хүмүүс, бүх үндэстэн хийгээд бүх ардчилал нь нэгэн хэвийн байх тийм ертөнц хэнд хэрэгтэй юм? Ингэх нь коммунизмаас ч аймшигтай мангас байхсан.
Тиймээ, Оросын ардчилал төгс биш. Гэхдээ хаана төгс байна? Тиймээ, дутуу хөтүү зүйл олон бий, Өрнөдөөс сурах юм ч их бий. Шинийг эрэлхийлэх чанар, хүнлэг ёс, хүйн холбоо гэх мэт.
Өөрөө удирдах ёс манайд төдийлөн хөгжсөнгүй. Босоо тэнхлэг голлосон. Иргэний хэвтээ тэнхлэг сулавтар. Ядаж байхад авилгал нь хүртэл "хулгайлав, уув, шоронд" маягийн болхидуу. Хөгжсөн орнуудад байдаг шиг боловсронгуй бус, бүдүүлэг талдаа.
Хэдий тийм ч, энэ бол манай л асуудал. Бидний өмнөөс хэн ч ирээд үүнийг шийдэхгүй.
Америкийн улс төрийн гарамгай сэтгэгч Дж. Кеннан тэртээ 51 онд бичихдээ: "Ариун, гэгээн төрийн байгуулалд хүрэх ард түмний зам нь үндэсний амьдралын хамгийн гүн гүнзгий, нандин, загас наадуулах үйл явц байдаг. Гаднынхан үүнийг ихэвчлэн ойлгодоггүй бөгөөд энэхүү халуун янаглалын үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн аливаа оролдлого нь гагцхүү хор хөнөөл тарихаас цаашгүй". Харамсалтай нь Вашингтонд хүн бүр Кеннаныг уншаагүй бололтой.
Аливаа үндэстний хувьд түүний соёл нь ирээдүйд нэвтрэх шидэт түлхүүр болж өгдөг. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Шинэ зуунд хэрхэн хөл тавьж яаж амьдрах вэ гэсэн асуултынхаа хариуг өөрийн соёлын орон зайгаас хайх хэрэгтэй. Хэрэвзээ гаднаас зээлдэх бол хэвийг нь биш санааг нь, үхширмэл бүдүүвчийг нь бус амьд бодлыг нь авах хэрэгтэй. Соёлыг маань хатаж хорчийлгодог бус, харин ивээн тэтгэдэг тэр зүйлсийг. Амтыг нь мэдрэхийн тулд цаасыг нь бус чихрийг нь идэх хэрэгтэй. Эрх чөлөөгөө эдлэхийн тулд импортын ардчиллыг дээдлэгч, гуниг царайлсан хөлсний эрх зүйн хамгаалагчдыг зажлах бус, гадаадын туршлагаас амин сүнс, мөн чанар, шүүсийг нь сорох хэрэгтэй.
Өөрийн соёлын уурхайдаа түшиглэхээс өөрөөр Орос оронд ирээдүй үгүй. Бусдын соёлын үрийг хэвлийдээ тээснээр Оросын ардчилал бий болохгүй. Эрх чөлөө, шударга ёсны зүг тэмүүлсэн ардчлалын үр хөврөл нь үндэсний өөрийнх нь жам ёсны тэмүүллээс үүдэлтэй.
Илтгэлдээ бяцхан чимэг нэмэхийг хүсэж байна: бүрэн эрхэт ардчлалын ухагдахуун нь оросын улс төрийн соёлын уг үндэстэй гойд нийцэж байна. Учир нь:
Энэ нь Орос орны хүн бүрийг болон дэлхий дахинаа Орос орныг хамгаалж, амжилттай хөгжүүлэх зорилгоор үндэсний засаглал, оюун санааны болон материаллаг нөөцийг зангидах төвлөрлийг зөвтгөж байна. Улс төрийн амьдралд өдөр тутам тохиолдох үзэл санаа, ойлголтуудыг нэгтгэн зангидаж, холбож байна. Эрх чөлөө ба шудрага ёс, эрх ба үүрэг, өрсөлдөөн ба түншлэл, хувийн ба үндэсний, даяаршил ба бүрэн эрх зэрэг нь задрах бус , харин эвлэрэх боломжтой.
Бүрэн эрхэт ардчлалын төсөл нь нийгмийн тогтолцоог өөрчлөх, оросын нийгмийг эерэг өөрчлөлтөнд илүү уян хатан, хувирамтгай, хүлээцтэй ханддаг болгохыг зорьж байна. Улс төрийн тогтолцоог зөөллөснөөр урьдын адил энхэл, донхол бартаатай замаар үсэрч цовхчон хөгжих бус, харин топологийн хувиргалтын замаар гэх үү, нэг ёсондоо хохирол багатайгаар урагшлах боломж олгоно. Салан баавгай шиг байхаа болъё, нэгдмэл нэг үндэстэн шиг байя гэсэн санаа.
Бүрэн эрхэт ардчлалын бичвэр нь өөриймшсөн, яагаад гэвэл Ерөнхийлөгч Путины замаар замнаж буй болоод тэр.
Эцэст нь, бусдын эргэлзээ,тээнэгзлэлийн манхан дундуур Орос болон дэлхийн гэрэлт ирээдүйг зөгнөн харсан энэхүү ухагдахуун нь хангалттай билигшээсэн, тэр ч бүү хэл хэтэрхий зэрэглээ татсан өнгө аястай гэж болно.
Орос хэлнээс хөрвүүлсэн Б. Эрдэнэбат, 2007 оны 10 сарын 22